Танилцуулга

Танилцуулга

ТӨБАСЭ ХХК-ИЙН “СЭМЖИД ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ”

Сэмжид Хужирт рашаан сувилал нь Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндий,  дэлхийн болоод Монголын түүх, соёлын дурсгалт газруудын төв хэсэгт умард өргөргийн 46°54` дорнод уртрагийн 102°46` солбицолд Улаанбаатар хотоос засмал замаар 380 км, Арвайхээр хотоос хойш 88 км-т Орхон голын эртний хөндийд Хужирт сумын нутагт Гуа, Шивээт хоёр уулын дунд сумын төвөөс 2 км-ын зайд  байгалийн халуун рашааныхаа төв цэг дээр Монгол орны физик газарзүйн мужлалын ангиллаар Хангайн уулархаг орны бүсэд хамаарагдах бөгөөд далайн мандлаас дээш 1748 метр орчим өндөр Шунхлай хайрхны өмнө Хужирт голын зүүн эрэгд байрладаг. 
 Тус сувиллыг 2003 онд ард түмний хүндэтгэлийг хүлээсэн  Тэргүүлэх зэргийн эмч Л.Санжаа болон хүний их эмч Алтан гадас одонт Ц.Дэжидмаа нарын санаачилгаар 40 ортойгоор улирлын чанартай анх үүсгэн байгуулагдсан Монголын анхны хувийн сувиллуудын нэг юм.
Сэмжид Хужирт рашаан сувиллын Ерөнхий захирлаар А.Бямбасүрэн, ерөнхий эмчээр О.Цэцэгбал нар 2013 оноос ажиллаж 2014 оноос ХААН банк, Жайка Олон улсын байгууллагын төсөл хэрэгжүүлж 60 ортой орчин үеийн тохилог 1216 м.кв2 өвлийн байр баригдаж жилийн дөрвөн улирал ажиллах нөхцөл бүрдсэн. 2018 онд 1200 м.кв2 өргөтгөлийн 120 ортой өвлийн байр, зуны улиралд 180 хүн хүлээн авах хүчин чадалтай эмчилгээний хоёр байр, хоолны хоёр заал ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж, Монгол орны өнцөг булан бүрээс ирэх сувилуулагчдад үйлчилж байна. 
Энэ чинээгээр жилийн дөрвөн улиралд орны дүүргэлтээр хамгийн өндөр буюу 90-с дээш хувьтай жилдээ 4200 орчим хүн хүлээн авдаг.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи шаардлагыг хангаж гурван удаа Эрүүл мэндийн яамны Магадлан итгэмжлэлд хамрагдсан бөгөөд 2019 оноос 4-н жилийн хугацаагаар магадлан итгэмжлэгдсэн нь ажилчдын хүч хөдөлмөр, сувилуулагчдын итгэл найдварын хүч билээ.
Бид санаачилсан олон нийтийн ажил, хандив, тусламжуудаа нийгэмд сурталчилж магтуулах, төрд мэдүүлж, шагнал горьдож явдаггүй бөгөөд ажилчдын дундаж нас 33 хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн мэргэжлийн эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, шавар тавигч, тогооч нараас бүрдсэн 69 хүний бүрэлдэхүүнтэй эвсэг хамт олон, мэргэшсэн баг хамт олон “ИЛҮҮ ҮЙЛЧИЛЬЕ” уриатай ажиллаж сувилуулагчдын сэтгэл ханамж 98%-с дээш  хангалттай сайн үнэлгээтэй үйлчилж байна.
    Байгууллагын соёл, ажилчдын халуун сэтгэл, нягт нямбай ажиллагаагаар бүрдэн байдгийн тод жишээ нь ажилчид өөрсдийн санаачилгаар “Шинэ гэр” төслийг жил бүр амжилттай явуулдаг бөгөөд  сувиллын ажилчдын урлагийн тоглолтыг сувилуулагчдад толилуулж олсон орлогыг жилийн турш хуримтлуулан тусламж дэмжлэг онцгой шаардлагатай орон нутгийн иргэнд халуун сэтгэлээр тусалдаг.    
2018 оны 12 сард Хүннү гүрэн үүсгэн байгуулагдсаны 2228 жилийн ойн хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Best of Mongolia 2018” олон нийтийн цахим санал асуулгаар ОНЫ ШИЛДЭГ СУВИЛАЛ, АМРАЛТЫН ГАЗАР номинацид шалгарсан. 

Хужиртын халуун рашааны илэрцийн булгуудыг уугуул нутгийн ард түмэн нэлээд дээр цагаас мэдэж хэрэглэж байсан түүхт баримт тодхон. Тухайлбал: 7-8 дугаар зууны Түрэг хяргасны булш, ордын хавьд маш олон түүхт зүйлс байсныг археологийн судалгаанд авсан байдаг.
Мөн уугуул нутгийн хүн ам дунд мянга илүү жилээр үеэс үед уламжлагдан ирсэн гэдэг нэг домог нь “Шунхлай өвгөн ан авлахаар явж байгаад Хужирт голын захад уур, манан суунагласан халуун устай булагт доголон буга хэвтэж байсантай тохиолдож улмаар өөрийнхөө хөл гарын өвчин эмгэгийг уг булгийн халуун усаар эмчилснээр “Хужиртын халуун рашаан”-ыг нээсэн түүхтэй.  

Хужиртын халуун рашаан шавраар  үе мөчний өвчин, түнхний мултрал, түнхний дутуу хөгжил, нуруу нугасны гэмтэл, хагалгааны дараах үлдэц, ясны бороололт  удаашралт зэрэг тулгуур хөдөлгөөний эрхтний өвчнүүд, нуруу нугасны саа, саажилт, нойргүйдэл, ядаргаа, шээс задгайрах, цистит, мэдрэлийн системийн өвчнүүд, хагалгааны дараах наалдац, эмэгтэйчүүдийн үргүйдэл, үр дамжуулах хоолойн үрэвсэл, түрүү булчирхайн архаг үрэвсэл болон эмэгтэйчүүдийн өвчнүүд, намарс, хайрст үлд зэрэг харшлын болон мэдрэлийн гаралтай арьсны зарим өвчнүүдийг эмчилдэг. Тэр дундаа нуруу, үе мөчний өвчинд онцгой сайн.
     

  • Дэлхийд ганцхан хэмээх байгалийн увдаст Хар сувд шавар, Хөх сувд халуун рашаанаар гол эмчилгээ хийдэг бөгөөд хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, гэрэл эмчилгээ, цахилгаан эмчилгээ, уламжлалт эмчилгээ, орчин шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан сувиллын болон дагнасан сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг. 
  • Бямба, ням гаригуудад олон нийтийн амралтын өдрүүдээр ч тасралтгүй эмчилгээ хийдэг.
  • Байгалийн халуун рашаан, шаварт орж та онцгой мэдрэмжийг авна.
  • Ачааллаасаа давсан сувилуулагч авдаггүй тул хүлээх, дугаарлах зэрэг асуудал огт гарахгүй бөгөөд эмчилгээ үйлчилгээ бүр танд чанартай хүрнэ. 
  • Хүнсэндээ үргэлж нутгийн шинэ хонь, үхрийн мах, сүү цагаан идээ хэрэглэдэг. 
  • Та цагаан хоолтон бол эмчилгээний хоолноос гадна тусгайлан хоол бэлтгэж өгнө 
  • Зам , хүний хөлөөс зайдуу зүлэг ногоон орчинтой.
  • Харилцаа холбоо өндөр хөгжсөн, үүрэн телефоны бүх сүлжээтэй
  • WIFI тай
  • Чийрэгжүүлэлтийн болон хүүхдийн  тоглоомын талбайтай. 
  • Тав тухтай хоолны газар, энгийн 2 ортой, энгийн 4 ортой, энгийн 5 ортой, хагас вип, бүтэн вип өрөөнүүдтэй. Өрөө бүр халуун хүйтэн ус боловсон 00 той. 
  • Чөлөөт цаг гарсан өдрөө Улаан цутгалан, Төвхөн хийд, Эрдэнэзуу зэрэг түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой.
     
Share :